2018 оноос эхлэн хэрэгжүүлэх Монгол-Оросын хамтарсан хүмүүнлэгийн суурь судалгааны төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Нийтлэгдсэн: 10/4/2017

2018 оноос эхлэн хэрэгжүүлэх Монгол-Оросын хамтарсан

хүмүүнлэгийн суурь судалгааны төслийн

сонгон шалгаруулалтыг зарлаж байна

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), ОХУ-ын Суурь судалгааны сан (СССан) хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос хэрэгжүүлэх хүмүүнлэгийн суурь судалгааны хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна. /2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрөөс «Оросын хүмүүнлэгийн шинжлэх ухааны сан» нь СССангийн бүрэлдэхүүнд нэгдсэн/

 

  1. Хамтарсан төслийн чиглэлүүд

Хамтарсан судалгааны төсөл нь хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол-Оросын эрдэмтдийн хамтран гүйцэтгэх ажлууд байна.

 

Монголын талын төслийн саналыг БСШУСЯ, Оросын талын төслийг СССан тус тус хүлээн авна. Монгол, оросын эрдэмтэд төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна. Хоёр талд бүртгүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төсөл болон БСШУСЯ-аас өмнө нь баталсан судалгааны төслийн өртэй төслийн удирдагчдыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.

 

2018 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн саналыг дараах шинжлэх ухааны чиглэлээр авна:

  • mүүх, археологи, угсаатны зүй, хүн судлал;
  • эдийн засаг;
  • гүн ухаан, улс төр судлал, нийгэм судлал, эрх зүй, шинжлэх ухаан, технологийн түүх, шинжлэх ухаан судлал;
  • хэл шинжлэл ба урлаг судлал;
  • сэтгэл судлал, боловсролын суурь асуудлууд, хүний эрүүл мэнд, экологийн нийгмийн асуудлууд;
  • дэлхий нийтийн асуудлууд ба олон улсын харилцаа.

 

  1. Төслийн хугацаа, санхүүжилт

Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн тус тусын санхүүжилтийг Монгол Улсын БСШУСЯ болон ОХУ-ын СССан хариуцна.

 

Төсөл хэрэгжүүлэх хугацаа 1-3 жил байна. Төслийн санхүүжилт нь буцалтгүй, эргэн төлөгдөхгүй зарчмаар хийгдэх ба төсөл тус бүрээр санхүүжилтийн хэмжээг тогтооно.

 

  1. Төслийн материал бүрдүүлэх, төсөл сонгон шалгаруулах хугацаа

Сонгон шалгаруулалтанд оролцож буй монгол болон оросын судлаачдын баг 10 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байна. Төслийн удирдагчийн хувьд нэг төсөл бүртгүүлэх ба түүнээс гадна тухайн сонгон шалгаруулалтад оролцож буй өөр нэг төслийн гүйцэтгэгч байж болно.

БСШУСЯ Төслийн материалыг монгол хэлээр бүрдүүлэх ба төслийн нэр болон байгууллага, гүйцэтгэгчдийн нэрийг монгол хэлээр бичихээс гадна, англи эсвэл орос хэлээр давхар бичнэ. Төслийн уралдаанд ирүүлсэн саналын сонгон шалгаруулалтыг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу явуулна.

 

Төсөл хэрэгжүүлэгч монгол талын төслийг 2017 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 23:59 цаг хүртэл БСШУСЯ-ны http://project.edu.mn хаягаар орж, цахимаар өргөн мэдүүлнэ. Цахимаар бүртгүүлсэн төслийн эх хувийг байгууллагын албан бичигтэй хамт БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газарт хүргүүлнэ. Эцсийн сонгон шалгаруулалтын дүн 2018 оны 1 дүгээр улиралд гарна.

 

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар

Утас: (976-51)-263181