ОРОСЫН СУУРЬ СУДАЛГААНЫ САНТАЙ 2019 ОНООС ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА

Нийтлэгдсэн: 4/4/2019 2

Ерөнхий мэдээлэл

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) Оросын Холбооны Улсын Оросын суурь судалгааны сан (ОССС) хооронд байгуулсан санамж бичгийн дагуу 2019 оноос хамтран хэрэгжүүлэх суурь судалгааны төслийн уралдааныг зарлаж байна:

-           Төслийн сонгон шалгаруулалтын код «Монг_т»

-           Төсөл хүлээн авах хугацаа: 2019 оны 05 дугаар сарын 01-ний 12:00 цаг хүртэл

-           Төсөл хэрэгжих хугацаа: 3 жил

-           Монголын талын төслийн санхүүжилт: жилд 12,000,000 төгрөг хүртэл

Сонгон шалгаруулалтын зорилго: хамтарсан суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх, монгол оросын судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, монгол судлаачдын олон улсад хэвлэн нийтлүүлэх бүтээлийн тоо, чанарыг нэмэгдүүлэх.

Монголын талын төслийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталж, 2018 оны 343 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан “Шинжлэх ухаан технологийн төслийн төсөвт өртөг зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/696 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах аргачлал”-ын дагуу сонгон шалгаруулна.

Оросын талын төслийн сонгон шалгаруулалт, төсөлд тавигдах шаардлагыг Оросын суурь судалгааны сангийн Зөвлөлийн хурлын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн № 2(214) дугаар тогтоолоор баталсан нөхцөлийн дагуу тогтооно.

 

2.         Төсөл хэрэгжүүлэгч

2.1.      Төслийн удирдагч, төсөл хэрэгжүүлэгч нь “Шинжлэх ухаан, технологийн төсөл сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх журам”-д заасан шаардлагыг хангасан байна.

2.2.      Төслийн удирдагч, төсөл хэрэгжүүлэгч нь хоёроос дээш төсөлд оролцож болохгүй.

2.3.      Төсөл мэдүүлэх үед ОССС-тай өмнө хэрэгжүүлсэн төслийн тайланг хугацаандаа өгөөгүй байгаа төслийн удирдагч шинээр төсөл мэдүүлэх эрхгүй болно.

2.4.      Төслийн удирдагч нь багийн гишүүдийг төлөөлж төсөл мэдүүлэх ба төсөл сонгон шалгарсан тохиолдолд төслийн багийг төлөөлж захиалагчтай харьцах, гэрээ байгуулах, төслийн явцын болон эцсийн үр дүнг тайлагнах, төсөлтэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдийн өмнө төлөөлж үүрэг, хариуцлага хүлээнэ.

2.5.      Төсөл хэрэгжүүлэгч багийн гишүүн нь төслийн бүрэлдэхүүнд орохдоо дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байна:

2.5.1.   Сонгон шалгаруулалтын нөхцөлтэй танилцаж хүлээн зөвшөөрсөн байна;

2.5.2.   Төслийн агуулга нь өмнө хийж байсан судалгааны ажлын агуулгатай ижил байж болохгүйгээс гадна улсын болон арилжааны нууцад хамаарах мэдээлэл агуулаагүй байна;

2.5.3.   Төсөл хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүнтэй танилцсан байна;

2.5.4.   Эрдэм шинжилгээний ажилтны мэдээллийн санд бүртгүүлсэн байх ба төсөл мэдүүлэх үеийн мэдээлэл бүрэн бөгөөд шинэчлэгдсэн байвал зохино;

2.5.5.   Эрдэм шинжилгээний ажилтны мэдээллийн сан болон project.edu.mn цахим хуудсанд бүртгүүлсэн мэдээллийг төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавихад ашиглахыг хүлээн зөвшөөрсөн байх.

 

3.         Төслийн бүртгэл, төсөлд тавигдах шаардлага

3.1.      Монголын талын төслийн саналыг БСШУСЯ, оросын талын төслийн саналыг ОССС тус тус хүлээн авна.

3.2.      Монгол, оросын судлаачид өөрсдийн төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байна.

3.3.      Хамтарсан судалгааны төсөл хоёр талын сонирхолд нийцсэн суурь судалгааны төсөл байх ба дараах салбаруудад хэрэгжинэ:

(01) математик, механик,

(02) физик болон одон орон судлал,

(03) хими болон материал судлал,

(04) биологи,

(05) дэлхий судлал,

(07) мэдээлэл, харилцаа холбооны технологи болон тооцоолон бодох систем,

(08) инженерийн шинжлэх ухааны үндэс,

(09) түүх, археологи, угсаатны судлал, хүн судлал,

(10) эдийн засаг,

(11) гүн ухаан, улс төр, нийгэм судлал, эрх зүй, шинжлэх ухаан, технологийн түүх, шинжлэх ухаан судлал,

(12) хэл шинжлэл болон урлаг судлал,

(13) сэтгэл судлал, боловсролын суурь асуудлууд, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны нийгмийн асуудлууд

(14) дэлхий дахины асуудлууд болон олон улсын харилцаа

(15) анагаахын шинжлэх ухааны суурь үндэс

(16) хөдөө аж ахуйн шинжлэх ухааны суурь үндэс

 

3.4.      Төслийн нэрийг монгол, англи хэлээр бичих ба англи нэр нь оросын талд мэдүүлсэнтэй ижил байна.

3.5.      Төслийг цахим хэлбэрээр project.edu.mn цахим хуудсаар мэдүүлж нэг хувийг баталгаажуулан БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газарт хүргүүлсэн байна. Оросын талд бүртгүүлсэн төслийн хувийг хавсаргаж болно.

3.6.      Төслийн мэдүүлгийг нэг удаа бүртгүүлэх ба төслийн мэдүүлгийг project.edu.mn цахим хуудсанд хадгалж, илгээснээр төсөлд 4 оронтой дугаар олгогдож сонгон шалгаруулалтад орох эрх нээгдэнэ.

3.7.      Төслийн агуулга нь төсвийн санхүүжилт болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн төслүүдтэй агуулгын хувьд ижил байж болохгүй.

4.         Төслийн сонгон шалгаруулалт

4.1.      Монголын талд бүртгүүлсэн төслийг сонгон шалгаруулалтад дараах тохиолдолд оролцуулахгүй:

- энэхүү зард дурдсан нөхцөл, шаардлагыг биелүүлээгүй,

- ОССС төслийг бүртгэхээс татгалзсан,

- төслийн оросын талын удирдагч төслийг ОССС-д тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй.

4.2.      Төслийн сонгон шалгаруулалтыг БСШУСЯ болон ОССС-ийн өөрсдийн холбогдох журмын дагуу тусдаа явуулна.

4.3.      ОССС-ийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй төслийг монголын талын сонгон шалгаруулалтад оруулахгүй.

4.4.      Хоёр талын бие даасан сонгон шалгаруулалтын дүнг харгалзан эцсийн шийдвэрийг БСШУСЯ болон ОССС хамтран гаргана.

4.5.      Төсөл хэрэгжүүлэгч, төслийн мэдүүлэг болон сонгон шалгаруулалтын мэдээлэл нууц байна.

4.6.      БСШУСЯ болон ОССС-ийн хамтарсан шийдвэрээр дэмжигдсэн төслийн удирдагч нарт цахим хэлбэрээр сонгон шалгаруулалтад тэнцсэн талаар мэдэгдэнэ.

4.7.      Сонгон шалгаруулалтад тэнцсэн төслийн удирдагчид төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулах эрх олгогдоно.

4.8.      Хоёр талын дэмжлэг хүлээсэн, гэрээ байгуулсан төслийн тус тусын санхүүжилтийг БСШУСЯ болон ОССС хариуцна.

4.9.      Төслийн санхүүжилтийг жилээр олгоно.

4.10.    Явцын тайлангийн үр дүн болон ОССС-ийн явцын тайлангийн үр дүнг үндэслэн төслийг дараа жил үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, санхүүжүүлэх шийдвэрийг гаргана.

4.11.    Төсөл хэрэгжүүлэгчид төслийн эцсийн тайланг хүлээлгэн өгөхөөс өмнө оросын судлаачидтай хамтран олон улсын сэтгүүлд төслийн үр дүнгийн талаар нийтлүүлэх үүрэг хүлээнэ. Эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэхдээ БСШУСЯ болон ОССС-ийн дэмжлэгийг заавал дурдсан байна. Тухайлбал: «The reported study was funded by RFBR and MECSS according to the research project № 19-51-2001».

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН БОДЛОГЫН ГАЗАР

утас: (51) 263181, цахим хаяг: baterdene@mecs.gov.mn